Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сургалтанд виртуал лабораторийг ашиглах нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4125
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : сургалтын хэрэглэгдэхүүн, виртуал лабораторийн сургалтын дизайн, виртуал лабораторийн бүтэц, загвар, виртуал лабораторийн программ хангамж

Аннотаци

Уламжлалт сургалтын орчноос шинэ сургалтын орчинд шилжих үед суралцагчдад зарим хүндрэл гарах нь тодорхой юм. Орчин үед сургалтын процесст хүчтэй нэвтрэн орж ирж буй сургалтын шинэ хэрэглэгдэхүүн нь виртуал лаборатори юм. Виртуал лабораторид компьютер ашиглан бодит туршилтыг хийсвэрээр дүрслэн туршина. Уламжлалт лабораторийн үед туршилтад оролцогчид туршилтын тоног төхөөрөмж, туршилтын материалын хүрэлцээнээс болж хязгаарлагдах үе байдаг. Зарим туршилтыг гүйцэтгэхийн тулд удаан хугацаагаар хүлээх, хэт өртөг өндөртэй, хэт эрсдэлтэй туршилтууд ч байдаг. Тэгвэл эдгээр асуудлыг виртуал лабораторийг сургалтад ашигласнаар шийдэх боломжтой.
Виртуал лабораторийг сургалтад ашиглах үед үүсэх нөхцөл байдлыг судлах нь судалгааны ажлын сэдэв болсон ба виртуал лабораторийг сургалтад ашигласнаар сургалтын чанарыг сайжруулах боломжтой эсэхийг судлах зорилгоор 2007-2020 онуудад 3 үе шаттайгаар судалгааны ажлыг гүйцэтгэсэн.
Мэдээллийн технологийн хэрэглээ хичээлд ашиглагдах виртуал лаборатори зохион бүтээж, уламжлалт ба виртуал хосолсон сургалтыг виртуал лабораторид явуулж, эдгээр сургалт хоорондоо ямар ялгаатайг судалж, үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино. Судалгааны ажлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд cургалтын дизайныг шинээр зохион бүтээх, олон улсын сургалтад ашиглагдаж байгаа виртуал лабораториудын бүтэц, загваруудыг харьцуулж судлах, сургалтын дизайн, судалсан загварт тулгуурлан, туршилтын виртуал лабораторийн программ хангамжийг хөгжүүлэх, виртуал лаборатори бүтээх арга, аргачлалыг боловсруулах, бүтээсэн туршилтын виртуал лабораторийн программ хангамжийг ашиглан туршилт хийх, сургалтад виртуал лабораторийн туршилтын үр дүнд шинжилгээ хийж, зөвлөмж гаргах гэх мэт зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Ингэснээр туршилтын виртуал лабораторийн программ хангамж сургалтын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судлах, үр дүн, хамаарлыг тодорхойлох боломжтой болно.
Мэдээллийн технологийн хөгжлийн үр нөлөөгөөр шинээр сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх болсон сургалтын хэрэглэгдэхүүн бол виртуал лаборатори юм. Олон улсын боловсролын салбарт виртуал лабораториудыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр багшийн заах арга зүйд, сургалтын чанарт, сургалтын орчинд, суралцагчдын суралцах эрмэлзэлд, суралцагчид бүтээмжтэй суралцахад нь дөхөм болдог нь судалгааны үр дүнд тогтоогдлоо. Судалгаанд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд мэдээллийн технологийн хэрэглээ хичээлийн сургалтын үйл ажиллагаанд виртуал лабораторийг нэвтрүүлэн ашиглахад сургалтын чанарт хэрхэн нөлөөлж буйг судлахад оршино. Энэхүү судалгааны ажлын үр дүнд сургалтын дизайн, виртуал лабораторийн бүтцийг шинээр бүтээсний үндсэнд “Мэдээллийн технологийн хэрэглээ” хичээлийн виртуал лабораторийн программ хангамжийг зохион бүтээсэн. Туршилтын явцад уламжлалт, виртуал, уламжлалт виртуал хэлбэрийн сургалтууд хоорондын ялгаатай байдлыг математик статистикийн хоёр талт т тест болон cohen d аргаар сургалтад нөлөөлөх хувийг олж, сургалт шилжсэн хувийг Morrison ба Hammon аргаар олоход уламжлалт группийн оролцогчдоос виртуал, уламжлалт виртуал группийн оролцогчид туршилтад илүү сайн оролцсон болохыг баталсан. Мөн туршилтад оролцогчдоос санал асуулгын судалгааг авахад сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хэрэглээ хичээлийн виртуал лабораторийн программыг ашиглах нь хялбар, ойлгомжтой байхаас гадна суралцах сонирхлыг татахуйц, суралцах хүсэл эрмэлзлийг өдөөсөн сургалтын хэрэглэгдэхүүн болох нь судалгааны үр дүнд ажиглагдлаа. Виртуал лабораторийн сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах багш, суралцагчийн хувьд компьютерийн хэрэглээний болон тусгай зориулалтын программ хангамжийн суурь ойлголттой эсвэл сургалтад хамрагдсан байх, олон нийтийн сүлжээний программуудын мэдлэгтэй байх, туршилтын тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх, онлайн болон виртуал сургалтын үйл ажиллагааны ерөнхий ойлголттой байх шаардлагатай. Виртуал лабораторийн сургалтын үйл ажиллагааны үед багш дараалсан туршилтуудын үйл явцын уялдаа холбоог туршилтын өмнө оюутнуудад сайтар тайлбарлах үүрэгтэй болох нь харагдлаа. Судалгааны ажлын үр дүнд зохион бүтээсэн загвар, бүтэц, арга аргачлалаар виртуал сургалтын шинэ хэрэглэгдэхүүнийг төрөл бүрийн мэргэжлийн сургалтад ашиглах боломжтой нь тодорхой болж байна. Эдгээр үр дүнгүүдэд тулгуурлан дүгнэхэд суралцагчид мэдээллийн технологид тулгуурлан бүтээгдсэн виртуал лабораторид суралцах нь цаг хугацааг үр дүнтэй ашиглах, сайжруулсан сургалтын агуулгаар суралцах, үр дүнтэй мэдлэг, чадварыг эзэмших, нөгөө талаараа орчин үеийн мэдээллийн технологийн сүүлийн үеийн сургалтын хэрэглэгдэхүүнийг орон зай, цаг хугацааны хамааралгүй бие даан ашиглаж сурах ба улмаар энэхүү сургалтын үйл явцыг уян хатан зохион байгуулж хөтлөн явуулснаар сургалтын чанар сайжрах, суралцагчдын суралцах идэвхийг дээшлүүлэх, багшийн мэдээллийн технологийг сургалтад ашиглах чадвар сайжрах нь ажиглагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 113
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :